Монгол-Япон хоёр улсын Засгийн газар хоорондын Нүүрстөрөгч Багатай Хөгжлийн Түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсад хэрэгжиж байгаа Хамтарсан Кредит Олгох Механизм (ХКОМ)-ын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжуудын талаар мэдээлэл өгөх, хоёр талын бизнес эрхлэгч нарыг хооронд нь холбох уулзалтыг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын яам, Хамтарсан Кредит Олгох механизмын нарийн бичгийн газар, Япон улсын Байгаль Орчны яам болон харьяа байгууллагууд, Эрчим хүчний зохицуулах хороо нар хамтран зохион байгууллаа.
Уулзалтанд Япон улсын талаас, Японы Байгаль Орчны Яам болон ХКОМ-ын хэрэгжилтийг хангах зорилгоор ажилладаг харьяа байгууллагуудын төлөөлөл болон, Японы бизнес эрхлэгч байгууллагууд болон Монгол улсын талаас 50 орчим аж ахуйн нэгж, байгууллагууд оролцсон байна.
2013 оноос хойш хэрэгжиж байгаа энэхүү механизмыг хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг 15 салбарт хэрэгжүүлэх боломжтой бөгөөд Япон улсын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр байгальд ээлтэй, хүлэмжийн хий бага ялгаруулдаг техник, технологи, бүтээгдэхүүнийг Монгол улсад нэвтрүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх өргөн боломж, бололцоо хувийн хэвшлийн байгууллагуудад байгаа юм.
Хамтарсан механизмын хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гол шалгуурын нэг нь заавал Япон талын хуулийн этгээдтэй хамтран оролцох шаардлагатай байдаг. Энэ тал дээр Монгол талын байгууллагуудад Япон талын хамтрагчаа олоход хүндрэл бэрхшээлтэй байна.
ХКОМ-ын хэрэгжилтийн онцлог нь тухайн төсөл хэрэгжиж дуусаад СО2, хүлэмжийн хийн ялгаралын хэмжээг бодитоор бууруулсан нь албан ёсоор батлагдсаны дараагаар тухайн төслийг ХКОМ-ын загвар төслөөр бүртгэн авдаг. Энэ журмын дагуу өнөөдрийн байдлаар 4 загвар төсөл, 1 үзүүлэх төсөл бүртгэгдэн хэрэгжиж хүлэмжийн хийн ялгаралын бууралт /CER/ буюу кредитээ тооцуулан аваад байна.
ХКОМ-ын хэрэгжүүлж байгаа 17 улсаас 6 улс нь хэрэгжүүлж байгаа 19 төсөлдөө нийт 22022 т/СО2 кредитийг тооцуулснаас Монгол улс дангаараа 18312 т/СО2 дүйцэх хэмжээний кредитийг тооцуулаад байна.
Тус механизмыг хэрэгжүүлж байгаа бусад улсуудтай харьцуулахад манай улсад цөөн тооны төсөл хэрэгжиж байгаа боловч бууруулсан СО2, хүлэмжийн хийн ялгаралын бууралтын хэмжээ болон дүйцүүлэн тооцуулсан кредитийн хэмжээгээр Монгол улс тэргүүлж байгаа аж.