Эрчим хүчний сайд асан М.Сономпилын гаргасан өргөдлийн дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр түүнийг буруутай эсэхийг шүүх хурлыг өнөөдөр товложээ.
Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн юм. Улмаар ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг буруутайд тооцож, 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор зааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорих шийдвэрийг гаргасан байна.
Прокурорын байгууллагаас түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан “…албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан “…хахууль авсан…” гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тэгвэл М.Сономпил анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авахаас татгалзаж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсны дагуу өнөөдөр ийнхүү шүүх хуралдаан товлогджээ.