Бөмбөрцгийн бүх хүмүүс Олимпийн тоглолтыг үзэн хэд хоног баясцгаадаг билээ. Олимпийн наадамд ч ихэнх улс орнууд өөрсдийн тамирчдаа оролцуулдаг. Энэ жилийн Олимп-д дүрвэгсдийн баг оролцож байгаагаараа онцлог юм.
Олон улсын Олимпийн хороо /ОУОХ/, FilmAid ашгийн бус байгууллагатай хамтран Какумагийн хамгийн том дүрвэгсдийн хуаранд Рио-де-Жанейро дахь Олимпийн тоглолтыг шууд үзэж болох тоног төхөөрөмж, техник хэрэгсэл байрлуулж өгсөн аж.
Ингэснээр, 200 000 орчим дүрвэгсэд өөрсдийн тамирчдаа харан баясч, дэмжих боломжтой болжээ. Энэ хуарангаас гэхэд, гүйлтийн төрөлд таван тамирчин оролцож байгаа гэнэ.
Кени улсын баруун хойд хэсэгт орших Какума хуарангийн дүрвэгсдийн ихэнх нь Өмнөд Судан дахь дайны хөлөөс зугтсан хүмүүс байгаа бөгөөд тэдний тоо хэт ихээр нэмэгдэн ачааллаа даахгүйд хүрээд байгаа бололтой.
Энэ хуарангаас Олимп-д оролцож буй таван тамирчин 800, 1500 метрийн зайн гүйлтийн төрөлд уралдах юм байна.