Монгол улсын хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтыг эх орондоо хүлээн авах эрхтэй болсон билээ. Тэгвэл дөнгөж сая өөрийн талбайдаа Киргизийн шигшээ багийг хүлээн авч тоглон 2:1-ийн харьцаатайгаар хожигдол хүлээлээ.
Тоглолтын өмнө манай багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс “Өнөөдрийн тоглолт өмнөхөөсөө тэс өөр болно. Өмнөх тоглолтод 23-аас доош насны залуус тоглосон. Харин өнөөдөр үндэсний шигшээ баг өнгөрсөн 2.5 жилд юу сурснаа Киргизийн багт харуулна” хэмээн мэдэгдэж байсан юм.
Хоёр багийн тоглолтын эхний гоолыг нэгдүгээр үеийн 14 дэх минутад хөндлөн ирсэн бөмбөгийг амжилттай хүлээн авч довтлосон Киргизийн баг оруулжээ. Харин нэгдүгээр үеийн төгсгөлд буюу 42 дахь минутад манай хөлбөмбөгчдийн хаалганаас холдуулсан бөмбөгийг эсрэг багийн тоглогч хүлээн авч дахин амжилттай довтлосноор тоглолтын гоолын харьцаа 2:0 болсон юм. Ингэснээр хоёр багийн тоглолтын эхний хагас өндөрлөсөн байна.
Тэгвэл тоглолтын хоёрдугаар хагаст манай багийн тоглолт эрс ширүүсч эхэлжээ. Тоглолтын 54 дэх минутанд эсрэг багийн талбайд хөндлөн ирсэн бөмбөгийг хүлээн авах үеэр хамгаалагч алдаа гарган зогсоосноор манай баг 11 метрийн цохилт хийх эрхтэй болсон байна. Ингээд торгуулийн цохилтыг 23 дугаартай Н.Цэдэнбал амжилттай гүйцэтгэж, гоолын харьцааг 2:1-ийн харьцаатай болгосон юм.
Хэдийгээр хоёр багийн тоглолтын гоолын харьцаа ойртож, үзэгчдийг сэргээсэн хэдий ч дахин гоол оруулж чадалгүй байсаар тоглолтын цаг дуусч хожигдол хүлээсэн байна.
Одоо манай баг ирэх 11 дүгээр сарын 19-нд Мьянмарын талбайд зочлон тоглох бөгөөд энэхүү тоглолтод хожил байгуулж чадвал 2023 оны Азийн АШТ-ий өмнөх “Плэй офф”-ийн шатанд өрсөлдөх шаардлагагүй болох юм. Харин дөрөвдүгээр байрт хэвээр өндөрлөвөл “Плэй офф” тоглолтоор Азийн АШТ-ий урьдчилсан шатны гуравдугаар шатанд орох эсэхээ шийдвэрлэх ажээ.