Өнөөдөр буюу 10 дугаар сарын 16-нд Олон улсын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантино Монгол улсад хүрэлцэн ирж, МХБХ-ны үйл ажиллагаа, ОУХБХ-ноос хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцахаар болжээ.
МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар олон улсын “FIFA BEST” арга хэмжээний үеэр Монгол улсад айлчлах урилгыг түүнд гардуулсан бөгөөд энэхүү урилгын дагуу өнөөдөр хүрэлцэн ирж байгаа аж. Тэрээр өмнө нь 2013 онд ЕХБХ-ны /UEFA/ Ерөнхий Нарийн Бичгийн Даргын албыг хашиж байх үедээ Мишель Платинигийн хамтаар Монгол улсад хүрэлцэн ирж байсан бөгөөд ФИФА-н Ерөнхийлөгчийн хувиар ийнхүү анх удаа айлчилж байгаа юм.
Айлчлалын хүрээнд МХБХ-ны одоогийн үйл ажиллагаатай танилцаж, “FIFA Forward” төслийн хүрээнд хэрэгжиж буй Шинэ Яармагийн ногоон талбайн нээлтэд оролцохоор төлөвлөжээ. Мөн 60 жилийн ойгоо тэмдэглэж буй МХБХ-ны Их хурлын гишүүд, зөвлөлийн гишүүд болон бусад төлөөллүүдтэй уулзаж, коктэйл үдэшлэгт оролцох аж.
Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж төр засгийн хөлбөмбөгт оруулж болох хувь нэмрийн талаар ярилцах гэнэ.
Жианни Инфантиногийн хамтаар Францийн шигшээ багт тоглож 1998 оны Дэлхийн аварга, 2000 оны Европын аварга Монгол цустай гэгддэг Юрий Жиркаеф ирэх болжээ.