Беларусь бол аж үйлдвэр нэлээд хөгжсөн орон учраас Монгол Улстай зам тээвэр, уул уурхай, боловсрол, шинжлэх ухааны салбарт түлхүү хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа Элчин сайд С.В.Чепурной илэрхийллээ. Тус улс уул уурхайн болон хөдөө аж ахуйн зориулалттай самосвал үйлдвэрлэлээр дэлхийд гуравдугаарт ордог бөгөөд манай улс эртнээс хөдөө аж ахуйн салбарт Беларусь улсын трактор, комбайн зэрэг техник технологийг өргөн ашиглаж ирсэн юм. Беларусийн техник технологийн иж бүрдлийг авчирч угсрах оператор компанийг Монголд байгуулах, мөн нийтийн тээврийн автобусыг нийлүүлэх боломжтойг Элчин сайд дурдав.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, худалдааны чиглэлээр хөгжүүлэх боломжтой гээд энэ чиглэлээр Элчин сайдтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар ярилцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.