Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлын үеэр Шүүхийн мэдээлэл технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, “Гэрэгэ системс” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал А.Отгонбаяр нар шүүхэд нэвтэрч байгаа цахим үйлчилгээний талаар мэдээллээ.
Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөл “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран улсын тэмдэгтийн хураамжийг КИОСК машинаар төлөх үйлчилгээг 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шинээр нэвтрүүлэхээр болсон байна.
Хамгийн их ачаалалтай буюу Нийслэлийн төвийн 6 дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Шүүхийн төрөлжсөн архивт энэ цахим төлбөрийн системийг эхний ээлжид нэвтрүүлэхээр болжээ.
Иргэн, хуулийн этгээд Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамж төлөхийн тул харьяа дүүргийн татварын байгууллага руу очиж “Татварын нэхэмжлэх” гаруулан авч, энэ “Татварын нэхэмжлэх”-н дагуу банкинд дугаарлан гүйлгээ хийн баримтыг шүүхэд өгдөг байсан. Энэ нь цаг алдах, хүнд суртал үүсгэх зэрэг шүүмжлэл дагуулдаг байсан хэмээн тайлбарлалаа.
Харин энэхүү систем нэвтэрснээр шүүхийн байран дахь болон бусад цэгт байрлуулсан киоск машинаар улсын тэмдэгтийн хураамжийг хэдхэн секундийн хугацаанд төлж шүүхэд хандах боломжтой болох аж. Шүүх болон төрийн бусад үйлчилгээний төлбөр төлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой “Гэрэгэ” киоск нь Улаанбаатар хотод 50 цэгт байрлана.