Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртэх эрхмийн нэрийг өнөөдөр 11.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд олон нийтэд зарлах гэж байна.
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэгэн иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал тогтоод байгаа билээ.
Хамгийн сүүлд 2017 онд Олимпийн наадмын алт, мөнгөн медальт, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаярт “Чингис хаан” одонг хүртээсэн бол 2018 онд одонг хүртээлгүй өнжсөн юм.