Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх 12 дугаар сард хөрш ОХУ-д айлчлал хийх нь баталгаажсан байна. Энэ талаар ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч, ОХУ-Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын дарга Алексей Гордеев “Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан хуралдаан арванхоёдугаар сард Москва хотноо болно. Энэхүү хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно” хэмээн мэдэгджээ.
Ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр улсын бизнесийн форум болохоос гадна хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэж байгаа аж. Монгол улсын Ерөнхий сайд нарын хувьд хамгийн сүүлд 2010 онд албан ёсны айлчлал хийж байсан бөгөөд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нар Петербургийн эдийн засгийн форумд оролцох үеэр ОХУ-д ажлын айлчлал хийж байсан билээ.