Монгол Улс оны эхний долоон сарын хугацаанд 3.9 сая ам.долларын адууны мах экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 40.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж. Харин тоо хэмжээний хувьд жилийн өмнөхтэй харьцуулахад 66 орчим хувиар өсч, 2100 орчим тонн болсон талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Монгол Улсын хувьд адууны махаа голчлон ОХУ-д экспортолдог. Манай улс махны экспортоо дэмжихээр зорьж байгаа бөгөөд дийлэнхийг нь ОХУ, БНХАУ, Казахстан улсад гаргаж байгаа юм. Түүнчлэн Вьетнамд мах экспортлох зөвшөөрлийг \”Мах маркет\”, \”Хатан сүйх импекс\”, \”Дархан мах экспо\”, \”Перком\” компаниудад олгожээ. Энэ онд БНХАУ-ын мэргэжлийн хяналтынхны шинжилгээгээр шүлхий өвчингүй болохыг нь тогтоосон баруун таван аймгаас дотоодын гурван компанид БНХАУ-д хонь, ямааны мах экспортлох зөвшөөрөл олгосон байна. Мөн өнгөрсөн баасан гарагт \”Хатансүйх\” компани дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д, үхрийн ясны өтгөрүүлсэн шөл бүтээгдэхүүнийг БНСУ-д экспортолж эхэллээ. \”Хатансүйх\” компани Монгол Улсаас БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөл авсан дөрвөн компанийн нэг бөгөөд БНХАУ-д бүтээгдэхүүнээ экспортолж байгаа нь анх удаагийнх гэдгээрээ онцлог ажээ.