Монгол Улсын нэгдсэн төсвийн
алдагдлыг богино хугацаанд үе шаттай бууруулах арга хэмжээг төрийн албаны бүх
түвшинд авч хэрэгжүүлж нэн
тэргүүнд төрийн удирдах албаны зардлыг бууруулахаар төсвийн тодотголд тооцсон.
Тухайлбал, төрийн өндөр албан тушаалтны цалинг 30 хувиар
бууруулахаар тусгасан юм.
Цалин бууруулах арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд,
Засгийн газрын гишүүд болон тэдгээрийн зөвлөх, аймаг, нийслэлийн Засаг дарга,
түүний орлогч, ИТХ-ын дарга нар болон төрийн өндөр албан тушаалтан, тэдгээртэй
дүйцүүлэх бусад албан тушаалтнууд буюу нийт 256 албан тушаалтан хамрагдаж байна.
Тэдний цалинг бууруулсанаар 557.9 сая төгрөг хэмнэх боломжтой гэж
тооцоолжээ. Тэгвэл цалин бууруулах арга хэмжээ 2016 оны 9 дүгээр сарын 1-нээс
буюу маргаашаас хэрэгжиж эхлэхээр төсөлд тусгасан байгаа юм.
Харин төрийн захиргааны удирдах албан тушаалтны цалинг 20 хувь
бууруулахаар төсөлд тусгасан. Үүнд төрийн
захиргааны удирдах түвшний албан хаагчид буюу аймаг, нийслэлийн Засаг даргын
тамгын газар, яам, агентлагийн хэлтсийн даргаас дээш албан тушаалтан буюу ТЗ-8
ба түүнээс дээш, мөн АА-6 ба түүнээс дээш цалингийн шатлал, зэрэглэлээр
цалинждаг албан тушаалтнууд буюу
нийтдээ 1977 хүн багтаж байгаа. Эдгээр хүмүүсийн цалинг 20 хувиар бууруулсанаар
1.5 тэрбум төгрөг хэмнэх боломжтой болох юм.
Амар
Үндэстэн агентлаг