НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны оны 8 дугаар сарын 31-нд болсон хуралдаанаар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгахтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэн баталлаа.
Тодруулбал нийтийн үйлчилгээний \”Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг зогсоож Хот тохижилтын газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар болгон 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өөрчлөн байгуулахаар болов. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрийн танилцуулснаар 2013 оны НИТХ-ын тогтоолоор нийтийн үйлчилгээний \”Улаанбаатар нэгтгэл”-ийг байгуулж Хот тохижилтын газар, Улаанбаатар зам арчлалт, Усны барилга байгууламж НӨҮГазруудыг татан буулгасан. Ингэхдээ нэг чиг үүрэгтэй олон байгууллага ногоон байгууламж, зам арчлалт, тохижилтын ажлыг тус тусдаа гүйцэтгэдэг, байгууллагуудын эдийн засгийн чадавхи сул, ихээхэн өр авлагтай байсан зэргээс шалтгаалан нэтгэх шийдвэр гаргаж байсан. Харин өнөөдөр тус нэгтгэл нүсэр бүтэцтэй, нэгдсэн удирдлага, зохион байгуулалт менежмент хийж чадахгүй, өр төлбөр нь өссөн учраас өөрчлөн зохион байгуулах шаардлагатай болсон байна.
Мөн энэ хуралдаанаар \”Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны гэр хороолол дахь 10 албыг чиг үүрэг давхардсан учраас татан буулгахаар шийдвэр гаргав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.