Дэлхийн сагсанбөмбөг гэлтгүй спортын түүхэнд тун харамсалтай, золгүй явдал өнгөрөгч ням гарагт тохиолоо.
Дэлхийн сагсан бөмбөгийн бүх цаг үеийн домгуудын нэг NBA буюу Хойд Америкийн сагсанбөмбөгийн лигийн талбайд 20 улирал “Лос-Анжелес Лэйкерс” багийн төлөө зүтгэхдээ 18 удаа NBA-ийн бүх оддын тоглолтод сонгогдож, 5 удаа NBA-ийн аварга авч байсан, 2008 оны NBA-ын “Үнэ цэнэтэй тоглогч”, Оскарын шагналт, NBA-ийн бүх цагийн үеийн оноо авалтын IV бичигддэг Коби Бийн Брайант 41 насандаа өөрийн охин болон Сикорский S-76 нисдэг тэрэгт хамт зорчиж байсан хүмүүсийн хамт хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.
Мэдээлэл дэлхий даяар асар хурдацтай тархаж байгаа бөгөөд НБА-аас өнөөдрийн төлөвлөгөөт улирлын бүхий л тоглолуудыг цуцалж, түүнд хүндэтгэл үзүүлэхээр болсон байна.
Энэхүү харамсалтай явдал АНУ-ын цагаар өчигдөр өглөөний 10 цагийн үед Лос Анжелес хотын төвөөс баруун хойд зүгт 30 миль зайд Калифорнийн Калабасас гэх газарт болсон бөгөөд урьдчилсан байдлаар тус бүс орчмын манангийн улмаас онгоц осолдсон байж болзошгүй гэж дүгнэжээ.
Кобигийн хувьд өөрийн карьераа дуусах хүртэл нисдэг тэргээр бэлтгэл сургуулилт, хуваарьт тоглолтууддаа явдаг байсан ба Өмнөд Калифорнийн замын хөдөлгөөнөөс зайлсхийхийн тулд ийнхүү нисдэг тэрэгтэй явж байсан ажээ.
Түүнтэй хамт осолд өртсөн Gigi гэгддэг Жиана охин нь тун авьяаслаг сагсанбөмбөгч болно хэмээн үнэлэгдэж байсан юм.