Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын суусан тусгай үүргийн онгоц БНХАУ-ын нийслэл Бээжингийн олон улсын нисэх буудалд 14 цаг 45 минутад газардсан бөгөөд дараа нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хэлэлцээ хийв.
Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин: “Өдгөө Хятад улсын Засгийн газар, ард түмэн шинэ төрлийн коронавирусийн эсрэг хатуу тэмцэж байгаа үед Монгол Улсын Засгийн Газар, ард түмэн бидэнд нандин туслалцаа дэмжлэг үзүүлсээр байна.
Эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга та бол уг тахал үүссэний дараа манай оронд айлчилж буй анхны төрийн тэргүүн болж байна. Таны айлчлал хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятадын ард түмнийг чин сэтгэлээсээ дэмжиж буйг тань нотолж байна.
Хятад, Монгол хоёр улс харилцан туслалцсан, жаргал зовлонгоо хуваалцсан найрсаг хөрш гэдгийг энэ айлчлал дахин гэрчилж байна” гэжээ.