Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгуулийн хандивын талаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар өгчээ. Тэрбээр “Мөнгөөр сонгууль хийдэг цаг өнгөрсөн. Монголын ард түмэн ухаантай. Сонгуулийг зардал багатай, хуулийн дагуу цуглуулсан хандиваараа хийх хэрэгтэй.
Улс орон даяар онцгой нөхцөл байдалд байна. Тиймээс бид сонгуулийг аль болох төсөв зардал багатай хийх хэрэгтэй. Намын санхүүжилт хүнд байгаа ч бид нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй. Гагцхүү хуулийн дагуу хандив цуглуулж цэвэр сонгууль хийнэ. Сонгуулийг улс төрчид биш олон нийт шийддэг юм. Нэр дэвших хүмүүс судалгаа хийлгэж үзээд хэрэв олон нийт дэмжихгүй байгаа бол сонгуульд оролцохгүй байх хэрэгтэй” хэмээжээ.
МАН-ын дарга У.Хүрэлсүх 2020 оны улс төрийн сонгуульд нэр дэвшигчээс хандив авахгүй гэдгээ өмнө нь ч зарласан. Тэгвэл өнөөдрийн Удирдах зөвлөлийн хурал дээр хандивын асуудлыг намын гишүүддээ дахин сануулж, ирэх сонгуульд иргэн, аж ахуйн нэгжээс хандив нэрээр нэг ч төгрөгийн хууль бус мөнгө, хандив авахгүй, сонгуульд шударгаар оролцоно” гэж хатуу анхааруулсан байна.