Үндэсний аудитын газраас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд өрсөлдөх нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг шалгаж дууссан талаар мэдээллээ. Тус газар нь сонгуульд оролцох гэж буй нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах чиг үүргийг хуулиар хүлээсэн.
Энэ дагуу гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө Монгол Улсад бүртгэлтэй нийт 35 улс төрийн нам байдгаас 27 нь сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ. Дээрх намуудын 12 нь 4 эвсэл болж сонгуульд өрсөлдөх бол 15 нь дангаараа бие дааж орж байгаа аж. Намууд мөрийн хөтөлбөрөө өнгөрсөн сарын 25-наас өмнө Үндэсний аудитын газарт өгсөн байна.
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 38.3-д, сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч, нам, эвсэл мөнгө эд хөрөнгө амлахгүй байх, аливаа үнэгүй болон хямдруулсан үйлчилгээ үзүүлэхгүй байх, улс болон орон нутгийн төсвийн орлогыг хандивлахгүй байх, уул уурхайн салбарын орлогыг хишиг хувь болгон олгохгүй байх зэрэг хуулийн хэд хэдэн шаардлага хангахыг заажээ.
Энэхүү аудитыг хийх явцад 19 мөрийн хөтөлбөр ирснээс дангаараа оролцож буй долоон намын мөрийн хөтөлбөр хуульд нийцсэн байна. Бусад 12 буюу 20 улс төрийн намд хамаарах мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр буцжээ.
Үндэсний аудитын газраас шаардлага хангаагүй гэж дүгнэлт гаргасан тохиолдолд ажлын тав хоногийн дотор засч дахин дүгнэлт гаргуулж, ҮАГ-т ирүүлэх боломжтой аж.
Мөрийн хөтөлбөр нь хуулийн дагуу шаардлага хангасан 7 нам байгаа бол МАН, Ардчилсан нам тэргүүтэй намуудын мөрийн хөтөлбөр шалгалтад бүдэрчээ. Нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт илэрсэн нийтлэг зөрчилд цалинг 2-5 сая төгрөг болгоно, орон сууц барьж өгнө гэх зэрэг заалтууд орсон нь амлалтын шинжтэй, төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр байгаа аж. Мөн ямар эх үүсвэрээр яаж олох вэ гэдэг зарлагыг давсан эх үүсвэрийг тодорхой болгох юм байна.