Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ.
Шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор Яармагт баригдаж байгаа 300 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг дуусгаж, ирэх зургадугаар сарын 1-нд ашиглалтад оруулах үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгчээ. Ингэснээр эхний үед тус эмнэлгийг коронавирусийг эмчлэхэд ашиглах юм байна. Өнөөдрийн УОК-ын хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эмнэлгийн барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулах асуудлыг оруулжээ.
Тус эмнэлэг 300 ор, 800 өрөөтэй бөгөөд ашиглалтад оруулахад найман тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Тиймээс шаардлагатай санхүүжилтийг тусгахаар Сангийн яаман дээр судалгаа хийж байгаа талаар УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.
ОБЕГ-ын дарга Т.Бадрал “ХӨСҮТ баригдаад олон жил болж байна. Анх Улаанбаатар хотын захад байсан бол хот тэлэх хэрээр хотын төвдөө болсон. Урт хугацаандаа ХӨСҮТ-ийн эмнэлгийг хотын гадна шинээр барих шаардлагатай гэдгийг харж байна. Маргааш өглөө Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин Яармагт баригдаж байгаад зогссон хүүхдийн эмнэлгийн барилгатай танилцана” гэлээ.