УИХ-ын гишүүн Б.Батзоригийн УИХ-ын даргад гаргасан чөлөөлөгдөх хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Үндсэн хууль дээр УИХ 76 гишүүнтэй байна гэж заасан. Гэтэл одоо гурав дахь гишүүн нь явах гэж байна.
Б.Батзориг гишүүнийг өргөдлөө өгөөд явах ёстой гэж бодохгүй байна. Энэ хүн танай намын даалгавраар явсан. ЖДҮХС-аас УИХ-ын 49 гишүүн зээл авсан. АТГ ноолоход амар гэж Б.Батзоригийг оролдож байгаа. Түүнээс захиалсан хүнийг нь шийтгээгүй. Нэг нэгээр нь гишүүдээ алдаад байгаа намыг иргэд сонгох уу. 76 гишүүнтэй байна гэдэг 76-уулаа байна гэсэн үг. Сонгууль ч хийдэггүй, хүмүүсээ алдаад байгаа нь УИХ-ыг дархлаагүй болж байна. Тиймээс энэ хүнээ авч үлдье. Нэг хүнээ явуулчихаад нөгөө 48 нь ичихгүй байна уу.
Хэрэв энэ хүнээ явуулж байгаа бол та нар ичиж үхээрэй. 950 тэрбумын нөхдүүд бүгд өргөдлөө өг. Үгүй бол энэ хүнээ үлдээгээд сонгуулиар дүнгээ тавиул” гэв.
Ийнхүү О.Баасанхүү гишүүнээс өөр асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалтыг нууцаар явуулав.
Санал хураалтын дүнг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан бөгөөд санал хураалтад оролцсон 11 гишүүний 10 нь дэмжжээ.
Уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцэслэнэ.