УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор дээрх хуулийн төслийг 14 бүлэг 126 зүйлтэйгээр шинэчлэн өргөн барьсан. Өргөн барьсан төсөлд хууль батлах босгыг хоёр дахин өндөрсгөж нийт гишүүний 50 хувь буюу 39-өөс дээш гишүүний саналаар хууль баталж байхаар тусгажээ.
Мөн анхдугаар чуулганыг зохион байгуулах, Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрын гишүүнийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох, Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөхтэй холбоотой харилцааг шинээр болон өөрчлөн найруулсан байна.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.