/12.09/ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
– Бид орлогоо зөв төлөвлөх хэрэгтэй. Төрийг их цомхон байлгаж, цамаан байдлаа болих хэрэгтэй. Монгол Улсад боломж бий, мөнгөтэй, баялагтай улс. Ер нь мөнгөтэй, бизнес аж ахуйтай харьцаж үзсэн хүний нүдээр энэ улс орны хөгжлийг харахгүй бол дан ганц сайхан сэтгэлээр бүтэхгүй.
Өнөөдрийн байдлаар нүүрсний орлого 3 тэрбум ам.доллароор тасраад байна
Санхүү мөнгөтэй асуудалд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар маш том алдаа гаргасан. Үүнийг би өмнө нь зөндөө л хэлж, ад болж байсан. Г.Занданшатарын Засгийн газар үүнийг давтахгүй байх хэрэгтэй.
Монгол Улс орлогоо хийсвэр төлөвлөөд өнөөдрийн нөхцөл байдал үүсэж байна. Өнөөдрийн байдлаар нүүрсний орлого 3 тэрбум ам.доллароор тасарсан байна, биет хэмжээ нь байсан ч мөнгө нь алга. Оюутолгойн зэс бол зүгээр л эдийн засгийн үзүүлэлт, АМНАТ нь тавхан хувь. Төчнөөн сая тонн зэс, алт гарлаа гэдэг ч тэр бол Монголд орлого болно гэж байхгүй. Үүнийг нөхдөг нь ганц нүүрс ч өнөөдрийн байдлаар бид нүүрсээ олигтой үнээр зарж чадахгүй. Арчаагүй байна. Аливаа зүйлийг эдийн засгийн нүдээр харж, бүсээ чангалж байж улс орны хөгжлийн суурь тавигдах юм байна лээ. Цаашид хөгжлийн төлөвлөгөөнд үүнийг анхаарна биз ээ.










































































