Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Ажилчны гудамж, Гурвалжингийн гүүрэн доогуурх авто замыг “Нийслэлийн Авто замын хөгжлийн газар”-ын захиалгаар гүйцэтгэж дуусган замын хөдөлгөөнийг нээжээ.
Уг зам нь 800 метр урт, 8 метр өргөн зорчих хэсэгтэй, нэг талдаа 2 метр өргөн явган хүний замтай, нийт уртдаа гэрэлтүүлэгтэй мөн явган зорчигчийг аюул ослоос сэргийлэх туузан хашилттайгаар баригдсан байна.
Уг авто зам баригдсанаар Ажилчны гудамж, Гурвалжингийн гүүр болон Энхтайваны өргөн чөлөө, Саппорогийн уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулах өндөр ач холбогдолтой юм.
Өмнө нь тухайн орчин нь явган зорчигч явахад нэн хүндрэлтэй, хөрсний бохирдол ихтэй байсан бол одоо явган зорчигч аюулгүй зорчих боломж бүрдэж хөрс, агаарын бохирдолгүй, иргэд болон үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжүүд тэдгээрийн үйлчлүүлэгчдэд таатай орчин бүрдлээ.
Шинээр баригдсан авто зам дээр тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн замын хөдөлгөөний дүрэм журмаа баримтлан, бие биедээ хүлээцтэй зорчихыг уриалж байна гэж нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.