Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс зарлаж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны зургаадугаар сарын 3-нд улсын хэмжээнд гурван лабораторид 469 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд 468 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ.
Энэ хүн тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. Шинжилгээнд орсон сорьцуудыг тодруулбал,
Тандалтын зорилгоор 13 хүний сорьц /Орхон, Улсын нэгдсэн төв эмнэлэг, ХУД, СХД, БГД-ийн нэгдсэн эмнэлгээс санамсаргүй түүврийн аргаар сонгосон/
Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 235 хүн
Ачаа тээврийн 45 жолоочоос коронавирус илрээгүй.
“21 хүн эдгэрч, өнөөдөр ХӨСҮТ-өөс гарна”
Мөн өнөөдөр 21 хүн эдгэрч ХӨСҮТ-аас гарч байна. Эдгэрсэн хүмүүсийг дараагийн ажиглалтад шилжүүлнэ. Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдлуудаас 65 нь бүрэн эдгэрлээ. Энэ бол Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, эмч ажилтнууд, төрийн албан хаагчдийн ажиллаж буй арга барил, сэжигтэй тохиолдлоо тусгаарлаж буй зохион байгуулалт зөв байна гэдгийг баталж байна.
Өнөөдөр ХӨСҮТ-өөс гарч буй 21 хүний ес нь оюутан. Тэдний ихэнх нь тавдугаар сарын 13-14-нд ирсэн хүмүүс бөгөөд эмчилгээний хоног дунджаар 21-22 хоног байв. Одоогоор ХӨСҮТ-д 157 хүн эмчилгээ болон тусгаарлалтад байна.
Мөн сувилалд 36, гэрийн ажиглалтад 16 Ажиглах хугацаа нь бүрэн дууссан 13 хүн бий. Үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийг сайтар эрэмбэлэн ангилж, дараа дараагийн үүргийн онгоцоор ирэх хүмүүсээ хүлээн авахад бэлтгэж байгаа “БААТРУУД”-даа баярлалаа, амжилт хүсье.