ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр:
Зургаадугаар сарын 4-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Зоонозын үндэсний төвийн нэг, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид 715 шинжилгээ хийхэд 710-т нь коронавирусийн халдвар илрээгүй.
Харин таван хүнээс халдвар илэрлээ. Тэдний дөрөв нь оюутан, нэг нь ОХУ-аас ачаа ачдаг жолооч байсан. Жолооч зургаадугаар сарын 3-нд ирсэн бөгөөд сэжигтэй гэж үзээд Сэлэнгэд тусгаарласан байсан. Ингээд хариу нь эерэг гарсан учраас өнөөдөр ХӨСҮТ рүү татан авчирч эмчилгээнд оруулах ажил эхэллээ” гэлээ.
Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сүхбаатар, Увс аймаг болон СХД-ийн Нэгдсэн эмнэлгээс тандалтаар 14 сорьц авч, шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Ханги Мандалын боомтоор орж ирсэн 29 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.
Дархан-Уул аймагт ажиглалтад байгаа 17 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй гэдгийг хэлээд “ДЭМБын төлөөлөгч Сергей Диордица, ОБЕГ, ТЕГ, МХЕГ, Цагдаагийн төлөөлөл бүхий баг Сэлэнгэ аймгийн Алтанбулагт ажиллаад ирлээ. Тэнд ажиллаж байгаа мэргэжлийн хяналт, гааль, хилийн цэрэг, хилийн мэргэжлийн хяналтынхан сайн ажиллаж байна” гэв.
Ингэснээр Монгол Улсад батлагдсан COVID-19-ийн нийт тохиолдол 191 боллоо.
Өнөөдөр ХӨСҮТ-өөс таван хүн эдгэрч гарсан байна. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 70 боллоо. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 121 хүн хяналт эмчилгээнд байгаагийн 106 нь хөнгөн, 15 нь хүндэвтэр байна.