Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 10:00 цагт хянан хэлэлцэхээр товлосон.
Тус хуралдаанд шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Г.Орхоноос “…Өмгөөлөгч Г.Орхон миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас тус хуралд биечлэн оролцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Э.Бат-Үүл нарт холбогдох хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгч намайг шүүх хуралд биечлэн оролцох нөхцөл боломжоор хангаж дээрх хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү…” гэх хүсэлт, мөн тэдний өмгөөлөгч Н.Цэцэгмаагаас “…Өмгөөлөгч Н.Цэцэгмаа миний үүсгэн байгуулсан өмгөөллийн үйлчилгээ эрхэлдэг “Мэргэн хуульч” ХХН нь “Эрхэм хуульч” ХХН-тэй байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Монгол Ардын Намын сонгуулийн ажиллагаанд хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд өмгөөлөгч миний бие 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч Т.Ганди, З.Энхтөр нарын сонгуулийн багт Сүхбаатар аймагт ажиллаж байгаа тул шүүх хуралдааныг дээрх хугацаагаар хойшлуулж өгнө үү …” гэх хүсэлтүүдийг тус тус ирүүлжээ.
Шүүх уг хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлж шийдвэрлэлээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар