Оросын тал өөрийн улсад бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг АНУ-д нийлүүлэх санал тавьсан ч хүлээж аваагүй тухай мэдээлжээ.
Энэ талаар мэдээлэл өгсөн Москвагийн албаны хүмүүс CNN сувагт ярихдаа “АНУ одоогоор Оросын анагаах ухааны хүчин чадлыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн биш байгаа бололтой” гэсэн байна.
“Ерөнхийдөө Америкийн талд Орост итгэх итгэл сул байгаагаас манай вакцин, эм эмчилгээний аргуудыг нэвтрүүлэхгүй нь тодорхой боллоо” гэж албаны эх сурвалж мэдэгджээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэйли Макэнани өчигдөр хэвлэлийн хурлын үеэр Оросын шинэ вакцины тухай мэдээлэлтэй ерөнхийлөгч Дональд Трамп танилцсаныг хэлсэн байна.
Гэхдээ АНУ-д бүтээж буй вакцин илүү өндөр стандарттай туршигдаж байгааг энэ үеэр мэдэгджээ.
АНУ-ын өөр нэг албаны эх сурвалж Оросын вакциныг Трампын засаг захиргаа дутуу, түүхий бүтээгдэхүүн гэж харж байгааг ярьсан байна. “Оросын вакциныг бид хүн дээр байтугай сармагчин дээр ч туршихгүй” гэж дээрх эх сурвалж хэлснийг CNN суваг дамжуулжээ.
Өнгөрсөн Мягмар гарагт ОХУ-ын засгийн газар коронавирусийн эсрэг вакцин бүтээж, албан ёсоор гэрчилгээ олгосноо зарласан юм. Уг вакциныг дэлхийн 20 гаруй орон нийт нэг тэрбум гаруй тун хэмжээтэй захиалаад байгааг мөн мэдээлж байв.
Москвагийн албаныхан өчигдөр ярихдаа өөрийн бүтээсэн вакцины мэдээллийг Америкийн компаниудтай хуваалцаж, хамтарсан үйлдвэрлэл явуулахад бэлэн байгаагаа мэдэгджээ. АНУ-ын зарим эмийн компаниуд Оросын вакциныг сонирхож байгааг энэ үеэр мэдээлсэн ч нэрийг нь дурдаагүй байна.
Одоогоор Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте ОХУ-ын вакциныг авахаар сонирхож байгаагаа илэрхийлсэн бол өчигдөр Мексикийн гадаад хэргийн яам вакцин авах боломжийн талаар Оросын талтай ярилцаж байгаагаа мэдээлжээ.
Москвагийн Гамелейн хүрээлэнд бүтээсэн вакцины туршилтын талаар шинжлэх ухааны тоо баримт, мэдээллийг нийтэд ил болгоогүй байгаа нь Өрнөдийн судлаачдад эргэлзээ төрүүлж байгаа юм.
Эх сурвалж: CNN