Эрдэмтэд өглөө ямар хоол идвэл тохиромжтой болохыг судалж, өндөг хамгийн тохиромжтой хүнс болохыг тогтоожээ. Өглөөний цайгаа уухдаа өндөг тогтмол идэж байвал өдрийн турш эрч хүчтэй ажиллах тэжээлийг авдгаас гадна эрүүл мэндэд тустай болохыг Америкийн эрдэмтэд тогтоосон байна.
Эрдэмтдийн тогтоосноор, өглөө бүр өндөг идэх нь биеийн жинд нөлөөлөхгүй, харин ч эрүүл мэндэд тустай аж. Өндөгтэй хоол идэж ажлын өдрөө эхэлсэн хүн ажилдаа амжилт гаргах эрч хүчийг ихээр авдаг гэнэ. Өндөг нь D, B12 амин дэм, хүний биеийн өөх тосны солилцоо хэвийн явагдахад нөлөөлдөг B амин дэмийн бүлэгт багтдаг холин, аминхүчил болон үл исэлдүүлэгч агуулдаг байна.
Өндгөнд агуулагддаг эдгээр амин дэм нь нүдний мэдрэлийг хамгаалж, хүрээлэн буй орчны хортой нөлөөг саармагжуулдаг ажээ. Мөн яс болон үеийг бэхжүүлдэг бөгөөд дархлааны тогтолцоог сэргээж, оюун ухааны чадварыг дээшлүүлдэг байна. Өндөг бол шулуун гэдсэнд шаар болон үлддэггүй, хүний бие организмд 97-98 хувь шингэдэг цорын ганц бүтээгдэхүүн юм байна.
Э. Гэгээ