АНУ-ын засгийн газар, газрын тосны компаниудад Арктикийн зэрлэг ан амьтны хамгаалалтын бүс нутагт өрөмдлөг хийх болон нэвтрэх, түрээслэх хөтөлбөрийн талаар маргаантай асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Аляскийн зүүн хойд хэсэгт байрладаг зэрлэг ан амьтдын хамгаалалтын бүс нутагт цаа буга, цагаан баавгай, олон төрлийн шувуу зэрэг олон амьтдын бүс нутаг юм. Гэвч энэ бүс нутагт хэдэн тэрбум баррель газрын тос байдаг ажээ.
Тус газарт өрөмдлөг хийх санаа нь одооогийн ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний засаг захиргаанаас гараагүй бөгөөд энэхүү хөтөлбөр нь 1970-аад оны сүүл үеэс хойш үргэлжилж буй маргаантай асуудал билээ.
Нэг талаараа энэхүү хөтөлбөр нь Аляскийн иргэдийг ажлын байраар хангах, иргэдийн орлогийг нэмэгдүүлэх сайн талтай гэж бизнес эрхлэгчид үзэж байгаа юм.
Гэвч энэхүү хөтөлбөр нь нутгийн байгаль, ан амьтдад сөрөг нөлөөтэй бөгөөд түлш олборлох нь дэлхийн дулааралд шууд нөлөөлж байдаг билээ.
“Энэхүү төлөвлөгөө нь дуу чимээ, байгаль орчны сүйрэл, газрын тосны асгаралт, уур амьсгалын замбараагүй байдлыг бий болгож, ан амьтдыг сүйрүүлж болзошгүй юм” гэж АНУ-н биологийн төвийн мэргэжилтэн Кристен Монселл ВВС-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Газрын тосны салбарын магнатууд Аляскийн эрчим хүчний нөөцийг байгаль орчинд ээлтэй, хариуцлагатайгаар хөгжүүлэх талаар сайн төлөвлөгөө байгаа гэж удаа дараа мэдэгдэж байгаа болов ч АНУ-ын байгаль орчны мэргэжилтнүүд болон засгийн газар, ан амьтан болон орон нутгийн иргэдэд үзүүлэх эрсдлийг хангалттай тооцоолоогүй гэж үзэж байгаа юм.