Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Сэлбэ, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хурх, Онон, Хэрлэн, Улз, Хангай нуруунаас усжих Чулуут голын эх болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-45 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Хэрлэн, Улз, Хархираа, Чигж зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см, Балж, Онон, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 5-35 см тус тус даван хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу 9 дүгээр сарын 1-нд Улаанбаатар хот орчимд Туул голын усны түвшин 10 см, Чулуут гол Өндөрулаан сум орчимд 5 см, Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд 5-10 см тус тус нэмэгдэнэ.
Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас урьдчилан сэргийлж:
-Урьдчилан сэргийлэх цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-Тээврийн хэрэгслийн жолооч нар ээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах, баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй байх,
-Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, стандартын бус завь, хөвөгч хэрэгслээр гол, нуурын усанд тоглуулахгүй байх,
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, хамт олон найз нөхдөөрөө амарч, зугаалах үедээ бие биедээ хараа хяналт тавих;
– Гэнэтийн аюул, осол учирсан тохиолдолд Онцгой байдлын байгууллагад цаг алдалгүй мэдэгдэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.