Өнгөрсөн зургадугаар сард БНХАУ-ын Засгийн газар ӨМӨЗО-ны Тунляо хотын дунд сургуулиудад Монгол хэл, бичгийг хязгаарлах шийдвэр гаргасан. Улмаар тус бодлогыг эсэргүүцэж Өвөрмонголын ард иргэд эсэргүүцлийн хөдөлгөөнийг өнгөрсөн долдугаар сараас эхлэн эрчимтэй зохион байгуулж буй. Мөн АНУ-ын Нью-Жерси хотод төвтэй Өвөр Монголын ардын намынхан тус улсад Хятадын эрх баригчдыг эсэргүүцэж хөдөлгөөн өрнүүлсэн.
Тэгвэл Өвөрмонголын зарим хошуунд өрнөж байгаа жагсаалыг Хятадын эрх баригчид цэргийн хүчээр дарж, сарниулахаар болсон бололтой. Тодруулбал, өчигдөр жагсагчдыг тараахаар Хятадын ардын чөлөөлөх армийн байлдааны хуягт машинууд хот руу орж иржээ. Энэ талаар Хятад гаралтай Хүний эрхийн төлөө тэмцэгч Женифер Зенг өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ.
Хятадын эрх баригчдын зүгээс зөвхөн гурван хичээлийн хөтөлбөрийг хятад хэл дээр орно гэж байгаа боловч үүнийг өвөрмонголчууд эх хэлийг нь устгах бодлого гэж үзэж байгаа юм. Учир нь өнгөрсөн хугацаанд Төвөд, Шинжаан Уйгурт ч энэ явдал давтагдаж байв.
1980-аад оны үед Хятадын эрх баригчид соёлын цөөнхийн соёл, хэлд харьцангуй хүндэтгэлтэй хандаж иржээ. Харин сүүлийн таван жилийн хугацаанд удирдагч Ши Жинпингний хатуу удирдлага дор цөөнхүүдийн соёл, хэлийг устгаж, дарангуйлах бодлого хүчтэй явагдаж эхэлсэн гэж барууны хэвлэлүүд онцолж байна.