Нийслэлийн Прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд хянан хэлэлцэж, ял шийтгэл оногдуулсан. Ингэхдээ УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 5 жил 5 сарын хорих ял оноосон байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэртэй энд дарж танилцаарай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй” гэж зааснаар хэргийн оролцогч нарын зүгээс гаргасан давж заалдах гомдлын дагуу нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн байна.
Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 09:00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэлж, дөнгөж сая дууслаа. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл, Н.Ууганбаяр нарт оногдуулсан 15 сая төгрөгийг 10 сая болгож, хорих ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.