Ипотекийн зээлийн санхүүжилтын журамд өөрчлөлт оруулсан тухай мэдээлэл өнөөдөр буюу 9 сарын 22-ны өдөр зарим хэвлэлд мэдээлжээ. Уг мэдээлэлд Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк хамтран ипотекийн зээлийн олголтын журамд өөрчлөлт оруулж, батлагдсан гэжээ. Харин Монголбанк энэхүү журмыг батлахад хамтран оролцох байр суурьтай байгаа ч албан ёсоор илэрхийлээгүй байна.
Тодруулбал: Барилга, хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулах тухай саналаа Монголбанкинд албан тоотоор ирүүлсэн бөгөөд уг саналыг Монголбанкны холбогдох удирдлагуудын түвшинд хэлэлцэж байгаа бөгөөд хариу шийдвэр гаргаагүй байна. Иймд ипотекийн зээлийн журам нь Монголбанкны байр суурь биш болохыг мэдэгдэж байна.
Монголбанкны Захирлуудын зөвлөл өнгөрсөн долоо хоногоос эхлэн ипотекийн зээлийн санхүүжилтийн талаар илүү тогтвортой механизмыг бүрдүүлэхээр хуралдаж, зарчмын саналуудыг хэлэлцэж байгаа бөгөөд одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна.
Монгол банк