Дуртай дууныхаа нэрийг мэдэхийн тулд хүмүүс ихэвчлэн Shazam аппликэйшнийг ашигладаг. Тэгвэл та тэр дууг зөвхөн аялаж мэддэг яах вэ? Google компани энэ асуудлыг шийдвэрлэж, дуу хайлтыг шинэ түвшинд гаргаж ирлээ. Хэрэглэгчид Google аппликэйшн болон хайлтын системээс микрофоны дүрсэн дээр дарж хайх дууныхаа аяыг аялах, дуулах, исгэрэх байдлаар хайлт хийх боломжтой болжээ.
Хайж байгаа дуугаа олохын тулд хүмүүс заавал мэргэжлийн дуучин шиг чадварлаг дуулах ч шаардлагагүй гэнэ. Ойролцоогоор 10-15 секунд аялахад Google-ийн хиймэл оюун ухаан, машин сургалтын алгоритм тохирох илэрцүүдийг санал болгох гэнэ.
Одоогоор iOS үйлдлийн системтэй хэрэглэчид зөвхөн англи хэлээр, Андройд үйлдлийн системтэй хэрэглэгчид 20 орчим хэлээр энэхүү шинэ функцыг ашиглах боломжтой байна. Цаашид бусад хэлээр хайлт хийх боломжтой болгож өргөжүүлнэ хэмээн тус компанийн зүгээс мэдэгджээ.