Тэрбээр, “Монголросцветмет” ТӨҮГ бол улсын төсөвтэй хамаагүй, ашгийн төлөө байгууллага. Байгууллага ашигтай ажиллавал хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх журам Монголросцветмет нэгдэлд 2000 оны эхэн үеэс хэрэгжиж байгаа. Компани ашиггүй ажилласан болон зорилтот түвшиндээ хүрээгүй бол урамшуулал, хөнгөлөлт олгодоггүй. Тэр утгаараа 2012 оноос хойш таван жилийн хугацаанд олгоогүй. Би 1999 оноос хойш Монголросцветмет нэгдэл ажиллаж байгаад дунд нь нэг жил “Эрдэнэт үйлдвэр”-т ажилласан. 2018 оны 4-р сарын 25-нд гэрээ байгуулж, эргээд тус нэгдлийн Үйлдвэрлэл эрхэлсэн гүйцэтгэх захирлаар томилогдсон.
Өндөр цалин, урамшуулал авахын зэрэгцээ компанийг ашигтай ажиллуулах, менежментийг сайжруулах, засаглалыг зөв тийш нь чиглүүлэх, улсад төлдөг татварыг нэмэгдүүлэх зэрэгт илүү анхаарал хандуулж ажиллана. Тэгэхээр Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авсан урамшуулал юм. Би хувь хүний хувьд болохгүй зүйл хийсэн гэж үзэхгүй байна.
Монголросцветмет компани Шилэн дансны хуулийг маш сайн хэрэгжүүлж байгаа. Та бүхний үзсэн баримтыг 2019 онд тавьсан нээлттэй баримт. Миний хашиж байгаа албан тушаалтай холбоотойгоор энэ баримтыг гаргаж ирсэн байх л даа.
Монголросцветмэт нэгдэл 2019 онд түүхэндээ хамгийн өндөр буюу 34.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Ашигтай ажилласан тохиолдолд гүйцэтгэх удирдлагууд нь хүүхдийн сургалтын төлбөрийн урамшуулал олгоно гэсэн гэрээний заалт байсан гэлээ.