Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа яамны мэргэжилтэн, албан хаагчдад төрсөн өдрийн мэнд хүргэхдээ төрийн тамгыг ашиглаж, “аархав”. Мөн өмнө нь Статистикийн дарга байхдаа ч хүртэл ийм үйлдэл гаргадаг байсан гэж өөрийгөө өмгөөлжээ. Ажилтнаа урамшуулах, дурсамж үлдээх, урам өгч байгаа сэтгэлийг тань ойлгож байна.
Гэхдээ бүх зүйлд хэмжээ хязгаар байх ёстой. Төрийн тамга бол энд тэнд таарсан болгон дээрээ дараад явдаг эд зүйл биш. Энд хүндлэл гэж байх ёстой. Мөн төрийн ажлыг албажуулах зорилго бүхий үнэт зүйл юм.
Гэтэл хатагтай А.Ариунзаяа хязгаарыг давж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хаа таарсан газартаа тамга дарж яваа нь үнэхээр таалагдсангүй. Хууль зөрчсөн юм байхгүй гэж хэлээд өөрийгөө өмгөөлж танд хандаж хэлэхэд: Төрт ёс, төрийн өндөр босго гэдэг чинь л эндээс эхэлдэг юм.
Эсвэл нэртэйгээр нь төрийн тамгыг халааслаж яваад цай, хоолны тооцоо, өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж, өөрийгөө сайд дарга гэдгээ энд тэнд зарлаж аархаад явах юм уу! Цүнхэнд чинь байгаа уруулын будагтай ижил түвшинд төрийн тамгыг ашиглаад байна, ойлгож байна уу.
Ажил, амьдралаа ялгаж, салгадаг ухаан манай төрд хэрэгтэй. Хамгийн гол нь төрийн тамгыг юун дээр ч хамаагүй дараад явдаг хувийн дардастай андуурвал төрт ёс утгаа алдана. Үүнийг ойлгож, өөрийн ажил, албан тушаал, төрт ёсыг хүндэтгэхийг хатагтай А.Ариунзаяа таниас шаардаж байна.
Ажилтан, албан хаагчиддаа яаж урам зориг өгч, дэмжиж, талархах вэ гэдэг чинь таны асуудал. Харин та өөрийн хувийн асуудлаа төрийн тамгаар гүйцэлдүүлэхээ нэн даруй зогсооно уу. Энэ төрд ажил, амьдралаа ялгаж, салгах ухаан хэрэгтэй гэдгийг дахин онцолъё…
А.Аюуш