Зайсангийн зүүн бүсийн орон сууцны хотхонуудыг цогцоор нь төвийн шугамд холбохоор болсон талаар Хотын Ерөнхий менежер Н.Гантөмөр мэдээллээ.
Иргэдээс ирж буй бас нэгэн гомдол, санал бол Зайсан толгойн зүүн бүсийн орон сууцнуудын ундны усны аюулгүй байдал алдагдаж буй явдал юм. Астра вилла хотхоны ус нөөцлөх сав нь бохирдол ихтэй цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол явуулдаггүй нь шалгалтын үеэр илэрчээ.
Дээрх хотхонууд төвийн шугамд холбогдоогүй буюу гүний худгаар ундны усаа шийдвэрлэсэн байдаг. Ус нь тунадастай, эвгүй үнэртэй гэх шалтгаанаар дийлэнх айлууд ундандаа усаа хэрэглэдэггүй бөгөөд шалгалтын үеэр бага насны хүүхэдтэй айлууд ундандаа хэрэглэдэггүй, аяга тавгаа угаадаг боловч хүүхдийн гэдэс гүйлгэх шинж тэмдэг илэрдэг тухай ярьж байлаа.
Тус хотхонуудыг цогцоор нь төвийн шугамд холбох асуудлыг Хотын Ерөнхий менежер өнгөрөгч баасан гарагт буюу 2020.11.06-ны өдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар танилцуулсан бөгөөд ирэх 2021 оны улс нийслэлийн төсөвт тусгуулах, шаардлагатай арга хэмжээг аван ажиллаж байна гэв.
Түүнчлэн Жарден, Астра вилла, Женерал таун, Энхжин-1, Энхжин-2, Түшээ гүн, Инэл ХХК-ийн барилгууд үндсэндээ дулааны доголдол ихээр үүсч гомдол санал тасрахгүй байгаа аж.
Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд ХУД-ийн 11-р хороо Зайсан толгойн зүүн хэсгийн хотхонуудыг дулааны эрчим хүчээр хангадаг “Ус дулаан дамжуулах төвийн 2 дугаар хэлхээнд буюу айл өрхөд ирж буй дулааны доголдол, горим тохируулга халуун усны гомдлыг арилгах зорилгоор Захирагчийн ажлын алба, Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын инженер техникийн 60 гаруй ажилчдаас бүрдсэн 7 ажлын хэсэг айл өрх тус бүрт газар дээр нь шалгаж цаашид авах арга хэмжээг хэлэлцжээ.
Эх сурвалж: УБ хотын Захирагчийн ажлын алба