Н.Алтанхуягийн “хүргэн”, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн “Эрдэнэс тавантолгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албыг давхар хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан, тендер авсан зэрэг цөөнгүй хэрэгт нэр холбогдсон.
Гэвч түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир шүүх хэрэгсэхгүй болгосон билээ. Харин тэрбээр энэ удаа сайн дураараа шүүхийн хаалга татав.
Тодруулбал, өөрийгөө гэм буруугүй хэмээн үзэж, үүнийгээ шүүхээр тогтоолгох хүсэлтээ прокурорын байгууллагад гаргасан юм. Гэхдээ түүнд холбогдох хэргийн шүүх хурал удаа дараа хойшилсоор байгаа юм. Өнөөдөр ч түүнд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо.
Тэрбээр гаалийн хяналтын бүсэд агуулахын үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр хамаарал бүхий хүнийхээ “Говь Повер” компанид 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх хэрэгтээ шүүхээс ял сонссон удаатай. Тодруулбал, 2017 оны дөрөвдүгээр сарын 3-нд анхан шатны шүүхээс Г.Дэнзэнг гэм буруутай тооцон 3.6 жил хорих ял оноож, төрийн алба хаших эрхийг нь гурван жилээр хассан. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд түүнд холбогдох гэм буруугийн хэргийг өнөөдөр шүүн хэлэлцэхээр байсан ч ийн хойшиллоо.