БНАСАУ-ын Ардын дээд хурал ирэх нэгдүгээр сарын сүүлээр хуралдана гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл бямба гарагт мэдээллээ.
Ардын дээд хурал жил бүрийн дөрөвдүгээр сард нэг удаа хуралддаг юм. Мөн БНАСАУ бодлогын томоохон өөрчлөлт, мэдэгдлийг танилцуулахдаа чуулган зохион байгуулдаг.
“Ардын дээд хурлын 14 дэх удаагийн сонгуулийн дөрөвдүгээр чуулган Пёньян хотод нэгдүгээр сарын сүүлээр болно” гэж “KCNA” агентлаг мэдээлжээ. Уг шийдвэрийг баасан гарагт болсон Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн хурлын үеэр гаргажээ.
Ардын дээд хурал дөрвөн жилийн хугацаанд анх удаа нэгдүгээр сард хуралдах гэж буй нь энэ юм. Энэхүү чуулганаар эдийн засгийн хөгжлийн таван жилийн шинэ төлөвлөгөөг танилцуулж магадгүй байна.