УИХ-ын чуулганаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Гаднын улс орнуудад иргэн бүр өөрсдөө тайлангаа гаргадаг. Олсон орлого, хэрэглээ хоёроо тайландаа тусгадаг нь авлигатай тэмцэх талаар том ололт бий болгосон улс орнуудын тод жишээ. Манайд өнөөдөр бүртгэлгүй мөнгө, хууль бусаар хөрөнгөжсөн нь гудамжинд зогсож байхад л харагдана.
Яармагийн дэнжээр дүүрэн орон сууцны хороолол босож байна. Манай улсын жилийн татварт хэдэн төгрөг цугларсан билээ, гаднаас ямар хэмжээний хөрөнгө оруулалт орсон бэ гээд харахад маш тодорхой байгаа.
Төрийн болон бусад эрх мэдэлтний албаны нөлөөгөө ашигласан хэлбэрүүд гэж гадны хүмүүс ч бас хэлж байна. 2019 оны нэгдүгээр сарын 10-нд бид жагсаал хийгээд, олон хэргийг хөдөлгөх шаардлага тавиад, овоо хөдөлсөн.
Байгууллагуудын удирдлага солигдож байсан ч сонгуулийн өмнө хэрэгт холбогдож байсан хүмүүс нэр дэвшээд эхэлсэн. Дараа нь энэ хэргүүд эхнээсээ цайраад эхэлж байгаа.
Талийгаач С.Зориг агсны хэрэгт холбогдсон гурван хүнийг эрүүдэн шүүсэн гэдэг хэрэг өнөөдөр ямар байдалтай байгааг бүгд хараад байж байна. Нэн яаралтай шүүхийн тухай хуулийг баталж, хариуцлагын зөвлөл гэдэг байгууллага жинхэнэ утгаараа ажиллах ёстой.
Төв аймгийн шүүхийн шүүгч н.Энхмаа шиг шүүгч нарт хариуцлага тооцох хуулийг бид гаргаж ирэх гээд байгаа. Илэрхий эрүүдэн шүүсэн хүмүүсийн хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад, батлан даалтад гаргаж байна. Цаана нь хонгилын механизм ажиллаад байгаагийн жишээ шүү дээ.
Шүүхийн тухай хуулийг батлуулах гэж ямар их гүтгэлэг ирж байна. Эрдэнэтийн 49, 51 хувийг тойрсон асуудал эцэслэгдээгүй явж байна” гэлээ.