Эмнэлгийн хог хаягдлаас үүдэж коронавирусний халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүйг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцлов.
Нийслэлийн Улаанчулуутын хогийн цэг дээр эмнэлгийн хог хаягдлыг ил задгай хаясанд тайлбар өгөхийг хүссэн сэтгүүлчийн асуултад тэрбээр хариулахдаа, Эрүүл мэндийн сайдын эмнэлгийн хог хаягдлыг устгах, тээвэрлэх журмын дагуу бүх үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг хэллээ.
Хэвлэлийн хурлын үеэр “Амгалан” гаалийн талбайн байцаагч, Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөнөөс коронавирус илэрсэн. Хаанаас халдвар авсныг тогтосон уу гэсэн сэтгүүлчийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариулав.
Тэрбээр, “Агаар дуслын замын халдварын үед тэр тусмаа цар тахлын шинэ вирус учир хаанаас авсныг тогтоох бэрхшээлтэй. Халдвар илрэхээс өмнө 24 цаг, илэрснээс хойш 14 хоногт халдвар тараах эрсдэлтэй. Энэ хугацаанд халдварыг илрүүлэхийг зорьж байна. Улаанбаатарт олон голомт гарсан тул бид халдвар авах маш өндөр эрсдэлтэй бүсэд амьдарч байна. Хэнээс халдвар авсныг хэлэх нь ёс зүйгүй. Иймд эрсдэлээ бодож, хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх, юм бүхэнд гараар хүрч болохгүйг анхаарах нөхцөл байдалд байгаа шүү хэмээн анхаарууллаа.