Италийн эрдэмтэд хүний ихсээс анх удаа бичил хуванцар илрүүлсэнтэй холбоотойгоор уг хуванцар ургийн хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүйд мэргэжилтнүүд санаа зовниж байна.
Амаржсаныхаа дараа ихсээ хандивлахыг зөвшөөрсөн зургаан эмэгтэйн дөрвийн ихсээс 12 бичил хуванцар илэрчээ. Түүнчлэн ихсийн маш бага хэсгийг /4%/ шинжилсэн тул бичил хуванцрын хэмжээ бүр их байж магадгүйг судлаачид тэмдэглэжээ.
Бичил хуванцар нь хуванцрын маш жижиг хэсгүүд бөгөөд ихэвчлэн 0.01 миллиметрийн диаметртэй байдаг. Өмнө нь бичил хуванцрууд савласан ус, ундны ус, загас, далайн давснаас илэрч байсан юм.
Харин Италид хийсэн судалгаагаар бичил хуванцар хүний биед орсон тохиолдолд ихэст хүртэл хүрдгийг тогтоожээ. Ихэс нь ургийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой бөгөөд хүчилтөрөгч, тэжээлийн бодисоор хангадаг тул жирэмсний аюултай үр дагаварт хүргэж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулжээ.
Бичил хуванцрууд Эверестийн оргилоос эхлээд далай тэнгисийн гүн ёроолоос хүртэл илрээд байгаа бөгөөд хүмүүсийн биед хүнс, ус болон амьсгалаар дамжин орж байгааг хэдийн тогтоогоод байгаа юм. Хэдийгээр бичил хуванцрын хүний биед үзүүлэх нөлөө тодорхойгүй байгаа боловч эрдэмтэд уг асуудалд, ялангуяа нярай хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж буйг нарийвчлан судлах нэн шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж байна.