ӨАБНУ-аас зөөвөрлөгдөн ирсэн хувьссан коронавирусний өөр нэгэн хувилбараар халдварласан тохиолдол Их Британид бүртгэгджээ.
Дахин нэг мутант вирус илэрсэнтэй холбоотойгоор Их Британи хөл хориогоо чангатгаж байна.
Тухайлбал, Английн өөр хэд хэдэн дүүрэг 12 дугаар сарын 26-наас хязгаарлалтын хамгийн хатуу буюу дөрөвдүгээр түвшинд шилжих аж.
“Хувьсан өөрчлөгдсөн коронавирус хурдацтай тархаж байгаатай холбогдуулан хөл хорионд олон сая хүнийг хамруулна. Бидний хувьд 2020 он хүнд жил байсан гэдгийг мэдэх ч бид бууж өгч болохгүй. Шинээр илэрсэн вирус өмнө нь ӨАБНУ-д бүртгэгдэж байжээ. Энэ вирус нь өмнөхөөсөө илүү халдварлах чадвартайгаас харахад илүү их хувьсан өөрчлөгдсөн байж магадгүй юм” хэмээн Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок ярьжээ.
Францтай залгаа хил нээлттэй хэдий ч хүссэн болгоныг нь хилээр нэвтрүүлэхгүй
Коронавирусний шинжилгээний хариу нь сөрөг гарсан жолооч нарыг л хилээрээ нэвтрэхийг Франц зөвшөөрсний дараа эхний ачааны машинууд Манстон нисэх онгоцны буудлын түр зогсоолоос хөдөлж эхэлжээ.
Харин Дуврын боомтод хурдавчилсан оношлуурын төвүүд байрлаж байгаа хэдий ч ачаалал ихтэй байсны улмаас цагдаа нар болон жолооч нарын хооронд зодоон цохион болж, үүний улмаас нэг жолооч саатуулагдсан байна.
“Удахгүй шинжилгээ авч эхэлнэ гэж цагдаа нар бидэнд гурван хоногийн өмнө хэлсэн. Гэсэн ч яг хэзээ эхлэхийг нь тэд өөрсдөө мэдэхгүй байгаад хүмүүс сэтгэл дундуур байна” хэмээн нэгэн жолооч ярьсан байна.
Дуврт гацсан хүмүүсийн ихэнх нь Зүүн Европ руу явж байсан жолооч нар байжээ. Шинжилгээний хариу нь эерэг гарсан жолооч нар таван хоногийн хугацаатай тусгаарлагдах ёстой аж.