Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг Шадар сайд, Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар нийтэд танилцууллаа. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Аймаг хоорондын замыг нээх үү?
Я.Содбаатар: Аймаг хоорондын зорчих хөдөлгөөн өнөөдрийн мөрдөж буй зарчмаар явна. Голомтгүй бүсээс аймаг хооронд явах бол халуун хэмжиж, асуумж бөглүүлээд, халдвар хамгааллын дэглэм сахиулаад явуулж байгаа. Тиймээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос бусад газарт энэ дэглэмээр явна гэсэн үг.
-Шинэ он гарсны дараа хөл хорионы дэглэмийг сулруулах, өөр арга хэлбэрээр хэрэгжүүлэх төлөвлөгөө бий юу?
Я.Содбаатар: Өвчний нөхцөл байдлаас шалтгаалаад ямар шийдвэр гарахыг хэлэх боломжгүй. Одоо бол ганц нийслэл Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон бөгөөд ирэх сарын 6 хүртэл үргэлжилнэ. Үүнийг сунгах эсэхийг өнөөдөр хэлэх боломжгүй бөгөөд ЭМЯ, мэргэжлийн эрдэмтэдийн зөвлөл, эрсдлийн үнэлгээ, ХӨСҮТ-ийн мэргэжлийн багийн дүгнэлтийг үндэслэж шийднэ. Одоогоор мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт ирээгүй байна. Ер нь бол хатуу хөл хорио тогтоох нь цар тахалтай тэмцэх олон улсын сайн туршлага. Өвчний голомтыг хумих зөв зураглал гаргах, нийтийн цар тахал болгохгүй байхын тулд энэ аргыг хэрэглэж байгаа. БНСУ, БНХАУ, Европын орнууд хөл хорио тогтоож, онц байдал зарлаж, энэ цар тахалтай тэмцэж байгаа. Хэрвээ халдвар гайгүй болж, голомтоо хумиж чадвал бид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, үйлдвэр үйлчилгээ, иргэдийн амжиргааг дэмжих шийдвэр гаргана. Харин өвчин хүндрээд нийтийн дунд цар тахлын хэмжээнд хүрч, халдвар их хэмжээгээр тархах эрсдэлтэй байна гэж үзвэл хөл хориог цаг хугацаанд нь тогтоогоод явна. Энэ бол дэлхий нийтэд хэрэгжүүлж байгаа арга хэлбэр. Магадгүй бүх нийтийн вакцинжуулалтыг хийсний дараа энэ арга хэлбэр өөрчлөгдөх байх.