Дэлхийн 30 гаруй улсад дэгдээд буй коронавирусийн шинэ хувилбарын талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдөр мэдээлэл өглөө.
Коронавирусийн шинэ хувилбар нь 20-оос доош насны залуучуудад халдварлах нь өндөр байна
Тэрбээр “Дэлхий дахинд өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахлын тархалт эрчтэй хэвээрээ байгаа бөгөөд 81,475,053 хүн халдвар авжээ.
Лондонгийн Империал коллежийн эрдэмтдийн судалгаагаар коронавирусийн шинэ хувилбар нь 20-оос доош насны залуучуудад халдварлах нь өндөр байна. Халдварлалтын индекс нь Ковид-19-ийн вирусийг бодвол 1.4-1.8 дахин их байна. Энэ үзүүлэлт нь вирусийн шинэ хувилбар хүүхэд залуучуудад богино хугацаанд хурдан тархаж байгааг харуулж байна. Дэлхийн бусад орнуудад гуравхан сарын дотор тархах эрсдэл байгаа учраас коронавирустэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангаж ажиллахыг улс орнуудад анхааруулжээ.
Коронавирусийн шинэ хувилбарын халдвар дамжих зам нь Ковид-19-тэй адилхан
Коронавирусийн шинэ хувилбар нь олон орныг хамарч байгаа ч Лондон хотын эрдэмтдийн судалгаагаар халдвар дамжих зам нь Ковид-19-тэй адилхан байна гэж үзжээ. Өөрөөр хэлбэлкоронавирусийн шинэ хувилбар нь агаар дуслын болон агаараар, ахуйн хавьтал гэсэн үндсэн гурван замаар дамжиж байгаа гэсэн үг.
Шинэ хувилбарын тархалт хурдан байгаа учир вакцин хэрхэн нөлөөлөх талаар эрдэмтэд зайлшгүй судлах хэрэгтэй. Судалгааны дараа дэлхий нийтэд дархлаажуулах арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг гаргасан байна.