Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр тус яамны ахлах шинжээч Д.Нарангэрэл коронавирусийн мутацид орсон хувилбарын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “2020 оны есдүгээр сараас хойш Их Британиас коронавирусийн мутацид орсон шинэ хувилбар дэгдсэнийг олон эрдэмтэн судалж байна.
Коронавирусийн мутацид орсон хувилбарууд нь одоогоор дэлхийн 37 улсад буюу Ази, Европ, Африк тивийн орнуудад тархаад байгаа юм.
Африкийн орнуудад тархаад мутацид орсон хэлбэр нь Их Британи болон Европ, Азид дэгдсэнээс өөр хувилбар хэмээн эрдэмтэд үзэж байна.
Энэхүү шинэ хувилбарын хүнд халдварлах индекс COVID-19-өөс хамаагүй өндөр буюу 70-75 хувийн тархалттай. Мөн халдвар авсан тохиолдолд дундаас хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэж, тэр дундаа архаг хууч өвчтэй хүмүүсийн биеийг хүндрүүлж, амь насыг нь эрсдүүлэх хандлага нэлээд байгаа аж.
Түүнчлэн 20-оос доош насны залуус болон хүүхдүүдийн дунд халдварлалт өндөр байна.
Цаашид энэхүү шинэ өвчлөлөөс сэргийлэхэд коронавирусийн вакцин үйлчлэх эсэхийг судлах шаардлагатай гэж олон улс үзэж байна” гэв.