НИТХ-ын Өргөдлийн хороо, \”Ухаалаг Улаанбаатар” дэд хорооны хамтарсан хурал боллоо. \”Ухаалаг Улаанбаатар” дэд хорооноос \”Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн тайлантай танилцахад тодруулах шаардлагатай, ажлын гүйцэтгэлийг нь нягталж харах шаардлагатай олон зүйл гарсныг хурлын эхэнд танилцууллаа.
Энэ талаар \”Ухаалаг Улаанбаатар” дэд хорооны дарга М.Халиунбат \”Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөртэй холбоотойгоор иргэдээс маш их гомдол ирдэг. Тухайлбал, \”Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв” нэртэй газар байгуулагдсан. Гурван газар байрлаж байгаа ч байршил нь нийслэлийн зарим иргэдээс маш хол. Жишээлбэл, Чингэлтэй дүүргийн иргэн нэг өргөдөл өгөх гэж олон автобус дамжиж байж төрийн үйлчилгээ авч байна гэсэн гомдол ирж байгаа. Монгол Улсын төрийн захиргааны анхан шатны байгууллага нь хороо. Хороо, дүүрэг гээд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нэгжүүд байхад ямар үндэслэлээр их хэмжээний мөнгө зарцуулж, энэ төвүүдийг байгуулсан бэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Үүнээс гадна энэ хөтөлбөрийн хүрээнд нийт 44 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаанд зарцуулсан байна. Өнөөдрийг хүртэл хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажилд дэд хорооны зүгээс хангалтгүй гэсэн дүн тавьсан. Тиймээс илүү дэлгэрүүлж, нарийн судлах шаардлагатай. Нийслэлийн төсөв хэлэлцэхээс өмнө энэ асуудлыг цэгцлэх шаардлага байгаа учраас \”Ухаалаг Улаанбаатар” дэд хорооны хурлыг хийж байна” гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.