Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Moderna компанийн боловсруулсан Covid-19-өөс сэргийлэх mRNA-1273 вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд тарихгүй байхыг зөвлөжээ.
Тус байгууллагын шинжээчдийн баг уг вакцины нөлөөлөл болон аюулгүй байдлыг үнэлсэн дүгнэлтийг өчигдөр гаргасан байна. Вакциныг зөвхөн халдвар авах өндөр эрсдэлтэй /жишээ нь эмнэлгийн ажилтнууд/ жирэмсэн эхчүүдээс бусдад нь хийхгүй байх талаар уг тайланд дурдсан байна.
Харин АНУ-ын эмч нар дээрх зөвлөмжөөс эсрэг байр суурьтай байгаа аж. Учир нь жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах, Covid-19-ийн хүнд хэлбэрийг тусах эрсдэлтэй тул вакцин хийлгэх эсэхээ өөрсдөө шийдэх эрхтэй гэжээ.
ДЭМБ-ын дархлаажуулалтын Шинжээчдийн стратегийн зөвлөх баг Moderna компанийн mRNA-1273 вакцины гурав дахь шатны туршилтын үр дүнг хэлэлцэхээр нэгдүгээр сарын 21-ний өдөр уулзсан байна. Уг вакциныг одоогоор албан ёсоор онцгой нөхцөлд хэрэглэх эмийн жагсаалтад оруулаагүй бөгөөд жагсаалтад оруулах эсэхийг хоёрдугаар сарын сүүлээр шийдэх юм байна.
Шинжээчдийн багаас уг вакцины хоёр тунг (100 мкг, тус бүр 0,5 мл) 28 хоногийн зайтай тарихыг зөвлөжээ. Шаардлагатай бол хоёр тунгийн хоорондын зай дээд тал нь 42 хоног байх хэрэгтэй гэсэн байна.
Эх сурвалж: WHO, DailyMail