Оросын цагдаагийнхан Алексей Навальный болон түүнтэй холбоотой, жагсаалд оролцсон 10 гаруй хүний гэрийг нэгжиж эхэлжээ. Учир нь нэгдүгээр сарын 23-ы өдөр жагсаал зохион байгуулахдаа халдвар хамгааллын дэглэм зөрчсөн гэж үзэж байгаа аж.
Цагдаа нар Навальныйн хоёр байранд очиж нэгжлэг хийжээ. Нэг байранд нь дүү Олег Навальный амьдардаг бол нөгөөд нь эхнэр Юлия байсан аж. Юлия Навальная хаалганы цаанаас “өмгөөлөгч ирэхгүй бол хаалгаа тайлахгүй” гэж чангаар хэлсэн ч цагдаагийнхан гэрт нь нэвтэрч, харин өмгөөлөгчийг нь оруулаагүй байна. Навальныйн гэрийн хаалганы нүхийг бөглөж, ажиглалтын камерыг хаасан байна. Эцэст нь хоёр цаг гаруйн дараа буюу нэгжлэгээ дууссаны дараа өмгөөлөгчдийг оруулжээ. Харин Навальныйн дүүгийнд нэгжлэг хийхдээ түүнийг гэрээс нь гаргасан байна.
Түүнчлэн Навальныйн хамтрагч болох хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш болон Авлигатай тэмцэх сангийн /Алексей Навальныйн үүсгэн байгуулсан/ мөрдөн шалгах хэлтсийн ажилтан Георгий Албуров нарын гэрт нэгжлэг хийжээ. Цагдаа нар тэдний хоригдож байгаа хорих төвүүдээс гэрт нь авчирч нэгжлэг хийхээр шийдсэн байна. Кира Ярмышийн гэрт нэгжлэг хийж дуусаад буцаагаад хорих руу авч явжээ.
Ярмыш, Албуров нарыг нэгдүгээр сарын 23-ны жагсаалаас өмнө буюу жагсаалд турхирсан хэргээр баривчилсан байна. Хуулийн дагуу эзэн нь гэртээ байхгүй үед нэгжлэг хийх хориотой байдаг аж. Гэвч хуулийн заалтыг үл тоон Албуровын гэрийн хаалгыг цагдаагийнхан эвдэн орж дотогш нэвтэрчээ.
Мөн цагдаа нар Навальный аавынд, Авлигатай тэмцэх сантай хамтарч ажилладаг “Эмч нарын альянс”-ын тэргүүн Анастасия Васильева, Медиазона сайтын ерөнхий редакторын ээжийн гэрийг нэгжжээ.
Энэ мэтчилэн 10 гаруй хаягаар нэгжлэг хийсэн ба Эрүүгийн хуулийн 236 дугаар зүйлд заасанчлан халдвар хамгааллын дэглэм зөрчсөнөөр олон тооны хүнийг халдвар авах эрсдэлд оруулсан гэсэн хэрэг нээх аж.