УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Х.Булгантуяа, Ц.Туваан, Ш.Адьшаа нарын гишүүд хуралдаанаар “COVID-19”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 4 хуулийн төсөл өргөн барьсныг нэгтгэсэн юм.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй 7 санал боловсруулжээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь заалтын 7.1.32 дахь заалтыг “цар тахлын үед эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байхдаа Коронавирусын халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх” гэж өөрчлөх, “цар тахлын үед амь нас эрүүл мэнд нь хохирох эрсдэлтэй, халдварын голомтод ажил, үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчийг эрүүл мэндийн даатгалд тэргүүн ээлжид хамруулах” гэсэн заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн хуралдаанаар ажлын багаас боловсруулсан “COVID-19”цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улмаар дээрх хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.