“Оюу Толгой” төсөлтэй холбоотой Монголын байр суурьд гарах аливаа өөрчлөлт нь Монгол Улсын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж магадгүй гэж “Fitch Ratings” агентлаг дүгнэлээ.
“Засгийн газрыг богино хугацаанд шинээр бүрдүүлснээр эдийн засгийн тогтвортой байдал алдагдаагүй. Хэдий тийм боловч үүнээс болж стратегийн уул уурхайн том төсөл рүүгээ чиглэсэн Засгийн газрын бодлого солигдвол улс төрд гарч буй өөрчлөлт нь зээлжих зэрэглэлд нөлөөлж болзошгүй” гэж “Fitch Ratings” үзэж байна. Мөн ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгууль нь “Оюу Толгой” төслийн арилжааны нөхцөлийг дахин авч үзэх шаардлагыг улам өдөөх төлөвтэй байгааг “Fitch Ratings” тодотголоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2015 онд байгуулсан “Оюу Толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг цуцлах саналыг хөрөнгө оруулагч талд тавьсан тухайгаа УИХ-ын чуулганы хуралдаан дээр мэдэгдсэн юм. Хэдий тийм боловч энэ асуудлаарх албан ёсны байр суурь гараагүй байгааг “Fitch Ratings”-ийн мэдэгдэлд дурджээ.
Харин макро эдийн засгийн үзүүлэлт талаасаа 2021 оны эхний хагаст экспортын өсөлт сайн байх төлөвтэй байна. Мөн дотоодын эдийн засгийн идэвхжил сэргэж байгаагийн нөлөөгөөр 2021 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 6.1 хувиар өсөх төлөвтэй байна гэж “Fitch Ratings” дүгнэлээ. Тус агентлаг 2020 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 5.2 хувиар агшсан үзүүлэлттэй гарна гэх тооцоог гаргаад байгаа юм.