Халдварын тоо нэмэгдэж байгаа нь иргэд халдвар хамгааллын дэглэмээ сулруулсантай холбоотой хэмээн доктор А.Амбасэлмаа хэллээ.
Тэрбээр “Батлагдсан тохиолдол болон ойрын хавьтал нэмэгдэхийн зэрэгцээ ахмад настнуудын өвчлөл, хүндрэл нэмэгдэх эрсдэл бий болж байна.
Халдварын тоо нэмэгдэж байгаа нь иргэд халдвар хамгааллын дэглэмээ сулруулсантай холбоотой гэж үзэж байна.
Тухайлбал, иргэд PCR шинжилгээ хийлгээд сөрөг гарвал өөрийгөө эрүүл гэж чөлөөтэй гадуур явж байгаад орон нутаг руу явж байна. Мөн шинжилгээнийх нь хариу сөрөг гарсныхаа дараа айлд очиж золголт хийсний улмаас халдвар авсан тохиолдол гарсан.
Түүнээс гадна шинжилгээнийх нь хариу гараагүй байхад янз бүрийн арга хэрэглэж, хөдөө орон нутаг руу яваад тэндээ өвчлөл гаргаж байна.
Увс аймагт очсон иргэний хувьд, тухайн орон нутгаас бус Улаанбаатар хотод ирээд халдвар авсан. Уг голомттой холбоотой халдварын тохиолдол одоо 39 хүрч байна.
Түүнчлэн Төв аймагт илэрсэн тохиолдол шинжилгээнийх нь хариу гараагүй байхад явсан. Тус аймагт эхний ээлжид ойрын хавьтлын 62 хүнийг шинжилгээнд хамруулахад 4 хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн.
Одоо дахин 72 хүнээс шинжилгээ авч, 100 гаруй хүний Төв аймагт тусгаарлаж голомтын өргөжүүлсэн тандалт зохион байгуулж байгаа.
Иргэд шинжилгээ өгөхгүйгээр ямар нэг байдлаар нийслэлээс гарах эрсдэл нь ийм хор уршигтай гэдгийг ойлгох хэрэгтэй” гэсэн юм.